АЛТАЙ СУМЫН ТАНИЛЦУУЛГА

Алтай сум Алтайн нурууны өвөр Бодончийн голын сав дагуу нутаглаж байсан захчин ястнуудын бүрдэл болж 1924 онд “Их асгат” гэдэг газар “Эрдэнэ уулын” сум нэртэйгээр Засаг захиргааны 4 орон тоотойгоор байгуулагдаж Бодончийн Бор үзүүрт 1925 онд байрлан “Алтай сум” гэж нэрлэгджээ. Алтай сум 1373 кв.км нутаг дэвсгэртэй, 81248 га эдэлбэр газартай, үүний дотор 121 га хадлангийн талбай эзэлдэг. Сум өмнө талаараа БНХАУ, баруун талаараа Үенч, хойт талаараа Мөст, зүүн талаараа Цэцэг, Говь-алтай аймгийн Тонхил сумтай хиллэдэг, далайн түвшнээс дээш 2281 м өндөрт өргөгдсөн нам дор газар нь Бор Цонж 1126 метрт оршдог. Өвөлдөө -40 -45 хэм хүйтэрч, зундаа 25-32 хэм халуун, жилдээ дунджаар 5,7 мм тунадас унадаг, эрс тэс уур амьсгалтай. Байгалийн төрөл бүрийн баялаг, ашигт малтмал, ой мод, ан амьтан, түүх дурсгалт газрууд элбэгтэй. Хувьсгалт тэмцлийн гавъяат, ахмад зүтгэлтэн, эрдэмтэн мэргэд олноор төрөн гарсан алдар цуутнуудын өлгий нутаг билээ.

Улсын Их хурлын 2004 оны 05 дугаар сарын 06-ны 26 дугаар тогтоолоор сумын төвийг Боомын аманд шилжүүлэн суурьшуулах шийдвэр гарч, 2009 онд 33 км нүүж суурьшин хөгжин дэвжиж байгаа шинэ сумын нэг юм.

Засаг захиргааны 4 баг, төсвийн албан газар 6, аж ахуйн нэгж 16   763 өрх, 3099 хүн ам, 82676 толгой малтайгаар аймаг орон нутгийн нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулж байна. 2010 онд Төрөлх нутгаа 2010-2024 он хүртэл хөгжүүлэх урт хугацааны “Хөгжлийн хөтөлбөрөө” боловсруулж хэрэгжүүлэн ажиллаж байна.

21 төлөөлөгч бүхий ИТХ, 22 орон тоо бүхий Засаг даргын Тамгын газар, 703 сурагч, 57 багш ажилчид бүхий дунд сургууль, 120 хүүхэд бүхий 16 багш ажилчидтай Хүүхдийн цэцэрлэг, 28 эмч ажилчид бүхий 15 ортой Хүн эмнэлэг, 5 орон тоо бүхий Соёл мэдээллийн төв, 3 орон тоо бүхий Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн захиргааны Алтай сум дахь хэсэг, Хувийн хэвшлийн 3 Мал эмнэлэг зэрэг төсвийн албан газрууд болон ХААН банк, Хадгаламж банк,  бусад салбар аж ахуйн нэгжүүд ажиллахын зэрэгцээ  хувиараа бизнес эрхэлдэг аж ахуйн нэгжүүд 16 байна.

 Газар зүйн байршил 

 Сум өмнө талаараа БНХАУ, баруун талаараа Үенч, хойт талаараа Мөст, зүүн талаараа Цэцэг, Говь-Алтай аймгийн Тонхил сумтай хиллэдэг.

Байгаль, газарзүйн онцлог

Далайн түвшнээс дээш 2281 м өндөрт өргөгдсөн, хамгийн нам дор газар нь Бор цонж 1126 м-т оршдог.Өвөлдөө 40-45 хэм хүйтэрч, зундаа 25-32  хэм халуун, жилдээ дунджаар 5,7 мм тунадас унадаг, эрс тэс уур амьсгалтай.

Цаг уурын нөхцөл

Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.

-1 дүгээр сарын дундаж температур -25  °С

-7 дугаар сарын дундаж температур +20 °С

-жилийн дундаж салхины хурд 4-6 м/с

-жилийн хур тунадасны нийлбэр 300-400 мм

 

Газар нутаг

Нийт газар нутгийн хэмжээ 1373426 га

Эдийн засаг

Орон нутгийн төсөв:

Сумын төсвийн нийт орлого нь 1011,1 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг  1126,9 сая төгрөг, сумын өөрийн орлого 136,2 сая төгрөг, урьд оны  үлдэгдлээс санхүүжих  34,9 сая төгрөгийн орлогоос бүрддэг.

Орон нутгийн нийт төсвийн зардал нь 2309,1 сая төгрөг байна. Нийт зардлын  40,1 хувь нь цалин,  4,5 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 15,4 хувийг урсгал шилжүүлэг, 40 хувийг нь бусад зардал эзэлж байна.

Дэд бүтэц:

Суман үүрэн телефоны юнител сүлжээ, Мобиком тус тус ашиглалтанд орж ард иргэдийг хөдөлгөөнт гар утасны холбоогоор ханган ажиллаж байна. Ундны усны 3 худагтай, ус сувгийн барилга байгууламжийн ажил 2012 онд хийгдэж дууссан одоогоор ашиглалтанд хүлээн аваагүй байна.

2010 оноос эхлэн 1,2 тэрбум төгрөгийн өртөгтэй Хөшөөт - Ярантын чиглэлийн хар замаас 95 км зам нь сумын нутаг дэвсгэр дайран өнгөрдөг. Тэмээн хүзүү - Бага улаан давааны чиглэлийн 110,8 км хатуу хучилттай зам баригдаж байна.

Хөдөө аж ахуй

2012 оны жилийн эцсийн байдлаар 82676 толгой мал тоолуулсан. Үүнээс тэмээ 766, адуу 3569, үхэр 4131, хонь 28085, ямаа 46125 тоолуулсан байна.

Ноолуурын чиглэлийн Алтай улаан үүлдрийн хэсэг /цайвар нарийн ноолуурт/-ийн ямаа нь сумын нийт ямаан сүргийн 93,7 хувийг эзэлдэг. Ноолуурын микроноор улсад 1 дүгээрт  ордог.

 Газар тариалан

 Сумын хэмжээнд нийт 13,3 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 4,1  га-д төмс, хүнсний ногоо, 3 га-д  улаанбуудай, 1,7  га-д бусад бүтээгдэхүүн тариалж байна. Үүнээс төмс 15,7 тн,  хүнсний ногоо 1 тн, үр тариа 3 тн,  малын  тэжээл 3 тн, нийт 22,7 тн ургац хураан авсан.

 Инженерийн дэд бүтэц

 Цахилгаан хангамж. Сум нь 2010 оны 12  дугаар сараас  БНХАУ-ын Шинжан Уйгарын  цахилгаан эрчим хүчээр 24 цагийн  турш цахилгааны эх үүсвэрээр хангагдаж байна.

Одоогийн эрчим хүчний хангамжийн хувьд хүрэлцээ муутай, ялангуяа зуны улиралд албан байгууллага, айл өрхийн хэрэгцээг хангаж чадахгүй эрчим хүчний доголдолд орж байгаа тул Алтай, Үенч,Булган сумдыг баруун бүсийн төвлөрсөн эрчим хүчинд холбох зайлшгүй шаардлагатай байна. Иймд Алтай Мөстийг холбосон  160 километр 35 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг шинээр барих хөрөнгө оруулалтын зардлыг улсын төвлөрсөн төсөвт тусгах шаардлагатай байна.

Ус хангамж

Сумын нутагт том жижиг, гол горхи булаг шанд олон байдаг. Эдгээрээс томоохон нь Бодонч, Ангирт, Барлаг, Цагдуултай, Хиагт, Ембүү, Нарийн, Нүцгэн, Бураатын голууд багтдаг. Хамгийн том гол нь  Бодонч  өргөн нь 7-20 м, гүн 0,2-1,0 м урсгал хурд нь 0,2-1 м/сек, Ангиртын гол 70 км урттай.Барлаг гол нь зүүн уртрагийн 90, хойт өргөрөгийн 45-49-д оршдог. 10 гаруй гол горхитой, 20 гаруй булаг шандтай. Тахилт, Хар булаг, Асгат, Хиагт, Хөндлөн булгийн рашаан устай. Эдгээр нь хүний төрөл бүрийн өвчнийг анагаах увидастай. Сумын төвд цэвэр усны  эх  үүсвэрийн 3 худаг 500л-1тн усны багтаамжтай  3 усан сан  70-90 м гүнээс шууд насосоор  татаж шугам хоолойгоор түгээж байна. 3 худагнаас нийт 420 өрх айл, 1 худагнаас  төсвийн 5 байгууллага харьяалагдан холбогдох аж ахуйн нэгжүүд , айл өрхүүдэд ус түгээж байна.

 

Дулаан хангамж. Сумын төвд: Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль, Цэцэрлэг, Соёл, Тамгын газрын конторын барилгын дулаан хангамжинд зориулан   нийт 4 нам даралтын  уурын зуух ажиллаж байна.

Шилжилт хөдөлгөөн

Тус сумын  нийт хүн амын 64  хувь нь сумын төвд амьдардаг, сумын хүн амын 53 хувь нь залуу болон дунд насныхан, 35 хувь нь хүүхэд, 12 хувь нь хөгшид байна.

 Орон сууцны хангамж

Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай  орон сууц баригдаагүй бөгөөд сумын шинэ төвд айл өрхүүд 2009 оноос шилжин ирж суурьшсанаас хойш  20 өрх хашаандаа амины  орон сууц барьж ашиглалтанд орууллаа. Цаашид айл өрхийн амины орон сууцыг цэвэр, бохир усны төвлөрсөн шугам сүлжээнд холбох ажлыг сумын Засаг даргын Тамгын газраас дэмжих бодлого барьж ажиллана.